Мэдээ

Мэндчилгээ


Мэндчилгээ

 

Биеийн тамир спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, спортын холбоод клубууд болон үе үеийн шилдэг тамирчид, дасгалжуулагч, спортын зүтгэлтнүүд, спорт сонирхогч Та бүхний энэ өдрийн амрыг эрэн мэндчилж байна.

 Дорноговь аймаг анх 1931 онд байгууллагдаж, одоогийн Сайншанд хотод Их дулаан уулын хошуу тамгын газар нэрээ өөрчилж, засаг захиргаагаа төвхнүүлэн байгуулсан үеэс Биеийн тамирын ажил амралт, баяр ёслол, наадмын үеэр зохиогдож эхлэснээр биеийн тамирын хөдөлгөөн хөгжлийнхөө замд орсон гэж үздэг. Энэ үед зохион байгуулж байсан  биеийн тамирын арга хэмжээ нь Эрийн гурван наадам, шагайн харваа зэрэг уламжлалт тоглоом наадмын төрлүүдээс гадна гар бөмбөг /волейбол/, модон морь, турникэнд хөдөлгөөн хийх зэрэг төрлүүдээр сонирхон санаа нэгдсэн залуучуудын үүсгэл санаачилгаар сайн дурын байдалтай зохион байгуулагдсанаар 1943 онд Аймгийн ХЗЭ-ийн Хороонд Биеийн тамирын ажил эрхэлсэн зааварлагч Н.Жамьяанхорол томилогдон ажилласнаар манай аймгийн Биеийн тамирын байгууллагын эх үүсвэр тавигдаж, улмаар 1949 оны 08 дугаар сарын 15 өдөр  Аймгийн АИХ-ын гүйцэтгэх захиргааны дэргэдэх Биеийн тамир спортын хэрэг эрхлэх хороог 2 орон тоотой байгуулснаар Биеийн тамир спортыг Аймгийн хэмжээнд удирдах анхны байгууллага ийнхүү үүссэн түүхтэй.

Өдгөө тус Биеийн тамир спортын газар нь биеийн тамир, спортыг орон нутагтаа бүх нийтийн хүртээл болгох, олимп, тив, дэлхийд нэр алдраа цуурайтуулсан олон тамирчдыг бэлтгэн төрүүлэх, хүн амд биеийн тамир, спортын үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй үзүүлэх, таатай орчин, нөхцлийг бүрдүүлэхэд төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны үндсэн дээр хэрэгжүүлэн ажиллаж байна. Аймгийн Засаг даргын "Хѳгжлийн тѳлѳѳ хамтдаа" /2016-2020/ үйл ажиллагааны хѳтѳлбѳрт тусгагдсан томоохон ажлын нэг бол Өнгөрсөн онд Улсын төсвийн 5,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1000 хүний суудалтай Спорт цогцолборыг шинээр ашиглалтанд оруулсан явдал юм. Ингэснээр иргэд стандарт хангасан ая тухтай орчинд биеийн тамираар хичээллэх болон аймаг, улсын болон ОУ-ын тэмцээн уралдаан зохион байгуулагдах бүрэн боломжтой болж байгаа нь бахархууштай юм.

Энэ жил аймаг байгуулагдсаны түүхт 90 жил, Сайншанд сум байгуулагдсаны 60 жилийн тэгш ойн жил тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд олон томоохон ажил хийхээр төлөвлөж байгаагийн нэг нь 2 жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг Бага олимп спортын их наадмыг зохион байгуулахаар төлөвлөөд бэлтгэл ажилдаа орж байна.

 

Цаашид биеийнтамир, спортоор хичээллэх таатай орчин нөхцлийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх, хүн амын эрүүл байх дадал, зуршлыг нэмэгдүүлэх, нийтийн биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг тогтмол хийн, спортоор хичээллүүлэх талаар илүү их онцгойлон анхаарч ажиллах болно.

Ингээд Салбарын ажилтан албан хаагч, ажил мэргэжил нэгт хамт олон, спорт сонирхогч та бүхэндээ ажил, хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.


Дорноговь аймгийн

Биеийн тамир спортын газрын дарга Г.Батлхам


Хуцаалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.