Мэдээ

Мэндчилгээ


Мэндчилгээ

 

Биеийн тамир спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, спортын холбоод клубууд болон үе үеийн шилдэг тамирчид, дасгалжуулагч, спортын зүтгэлтнүүд, спорт сонирхогч Та бүхний энэ өдрийн амрыг эрэн мэндчилж байна.


 Дорноговь аймаг анх 1931 онд байгууллагдаж, одоогийн Сайншанд хотод Их дулаан уулын хошуу тамгын газар нэрээ өөрчилж, засаг захиргаагаа төвхнүүлэн байгуулсан үеэс Биеийн тамирын ажил амралт, баяр ёслол, наадмын үеэр зохиогдож эхлэснээр биеийн тамирын хөдөлгөөн хөгжлийнхөө замд орсон гэж үздэг. Энэ үед зохион байгуулж байсан  биеийн тамирын арга хэмжээ нь Эрийн гурван наадам, шагайн харваа зэрэг уламжлалт тоглоом наадмын төрлүүдээс гадна гар бөмбөг /волейбол/, модон морь, турникэнд хөдөлгөөн хийх зэрэг төрлүүдээр сонирхон санаа нэгдсэн залуучуудын үүсгэл санаачилгаар сайн дурын байдалтай зохион байгуулагдсанаар 1943 онд Аймгийн ХЗЭ-ийн Хороонд Биеийн тамирын ажил эрхэлсэн зааварлагч Н.Жамьяанхорол томилогдон ажилласнаар манай аймгийн Биеийн тамирын байгууллагын эх үүсвэр тавигдаж, улмаар 1949 оны 08 дугаар сарын 15 өдөр  Аймгийн АИХ-ын гүйцэтгэх захиргааны дэргэдэх Биеийн тамир спортын хэрэг эрхлэх хороог 2 орон тоотой байгуулснаар Биеийн тамир спортыг Аймгийн хэмжээнд удирдах анхны байгууллага ийнхүү үүссэн түүхтэй.


Өдгөө тус Биеийн тамир спортын газар нь биеийн тамир, спортыг орон нутагтаа бүх нийтийн хүртээл болгох, олимп, тив, дэлхийд нэр алдраа цуурайтуулсан олон тамирчдыг бэлтгэн төрүүлэх, хүн амд биеийн тамир, спортын үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй үзүүлэх, таатай орчин, нөхцлийг бүрдүүлэхэд төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны үндсэн дээр хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Энэ жил манай аймаг "Хүүхдийн спортын зуны VIII наадам" болон "Монголын бүх ард түмний XVI наадам"-д тус тус амжилттай оролцож өмнөх жилүүд амжилтыг ахиулсан бахдам амжилтыг үзүүлэн нутаг орныхоо нэрийг өндөрт өргөн оролцлоо. Мөн 3 дахь удаагаа зохион байгуулагдсан "Биеийн тамир, спортын салбарын улсын зөвлөгөөн" энэ жил Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж салбарын чиг хандлага, өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг салбараараа ярилцаж, уялдаа холбоог хэрхэн хангах талаарх зөвлөгөөнд оролцож орон нутагт тулгамдаж буй асуудлын талаарх саналаа  нэгдэн "ЗӨВЛӨМЖ БИЧИГ"-т тусгасан явдал байв.

 

Цаашид биеийнтамир, спортоор хичээллэх таатай орчин нөхцлийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх, хүн амын эрүүл байх дадал, зуршлыг нэмэгдүүлэх, нийтийн биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг тогтмол хийн, спортоор хичээллүүлэх талаар илүү их онцгойлон анхаарч ажиллах болно.

Салбарын нийт ажилтан албан хаагч, ажил мэргэжил нэгт хамт олон, спорт сонирхогч та бүхэндээ ажил, хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.



Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Гантөмөр


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.